.:: Монголын Алт Корпораци ::.

+976+75759700 info@mak.mn

Menu
БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ ХӨЛӨНБУЙР АЙМГИЙН ХАЙЛААР ХОТЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН БҮСТЭЙ ТАНИЛЦЛАА. 

Мэдээ 2014 оны June дугаар сарын 11-нд нийтлэв.


2,7 сая хүн амтай, нүүрс-химийн хэд хэдэн үйлдвэртэй, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймагт саяхан болсон, хоёр улсын хил залгаа аймгуудын “Хамтын ажиллагааны хэлэлцээр”-т гарын үсэг зурах албан айлчлалд, Дорнод аймгийн Засаг дарга С.Ганбат болон төр, аж ахуйн байгууллагын төлөөлөгч нарын хамт “МАК”ХХК-ний Эрчим хүч, Химийн ажлын албаны дарга Ж.Золжаргал оролцоод ирлээ.
Айлчлалаар хүлэмжийн аж ахуй, махны чиглэлийн үхэр үржүүлэг, мод үржүүлгийн газар, Хайлаар хотын Монгол эмнэлэг, MELIC SEA компанийн Цемент, Азотын бордооны үйлдвэр, Петрочайна Дачин Тамсаг компанид очлоо.

Айлчлалын үр дүнд хоёр аймгийн хооронд “Хамтын ажиллагааны хэлэлцээр”-т гарын үсэг зурсан.

Гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд талууд өндөр ач холбогдол өгч, хоёр аймгийн төлөөлөгчдөөс гадна БНХАУ-ын ӨМӨЗО –ны дэд дарга Пянь, Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын газрын дарга Бригадын генерал Д.Энхбаатар нар байлцав.

Талууд гарын үсэг зурсан “Хамтын ажиллагааны хэлэлцээр” нь Монгол улсын Дорнод аймаг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгууд Аж үйлдвэр, дэд бүтэц, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол, байгаль хамгаалах, байгалийн гамшиг гэмт хэрэгтэй тэмцэх, эдийн засгийн чөлөөт бүс байгуулах чиглэлд хамтарч ажиллах асуудлуудыг хамарсан байна.

Хэлэлцээрийн хүрээнд Дорнод аймагт нүүрс-химийн төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаатай холбогдуулан Хөлөнбуйр аймагт боловсон хүчин сургах, нүүрс-химийн үйлдвэр дээр ажилчдыг дадлагажуулах, мэргэжлийн туршлага судлах, хоёр талын аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг дэмжих зэрэг асуудлыг тусгажээ.

Айлчлалын үеэр Боршилийн хүрэн нүүрсний ил уурхай, нүүрснээс метилийн спирт, хийн түлш болон азотын бордоо гаргах үйлдвэрүүд, Шэнхуа группын 1200 МВт цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцаж, Хөлөнбуйрын нүүрс-хими, эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай холбоо тогтоож хамтарч ажиллах боломжийг судалсан байна.

Хөлөнбуйр аймгийн Нүүрс-химийн үйлдвэр

Ийнхүү Монгол улсын Дорнод аймаг болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн “Хамтын ажиллагааны хэлэлцээр”, Хөлөнбуйр аймгийн хөгжил шинэтгэлийн хорооны дэд дарга болон аж үйлдвэрийн бүсийн дарга нартай биечлэн танилцаж цаашид туршлагаа хуваалцаж хамтарч ажиллахаар болсон, Дорнод аймгийн удирдлагууд нүүрс-химийн аж үйлдвэрийн бодит байдалтай танилцсан нь эх орондоо нүүрснээс шатахуун гарган авах төслийг хэрэгжүүлэхэд олон талын ач холбогдол өгсөн айлчлал боллоо.