.:: Монголын Алт Корпораци ::.

+976+75759700 info@mak.mn

Menu
“БОТГОНД-БОНУС” ХӨТӨЛБӨР ҮР ДҮНГЭЭ ӨГЧ ЭХЭЛЛЭЭ

Мэдээ 2013 оны February дугаар сарын 04-нд нийтлэв.


“Монголын Алт” \МАК\ корпораци өөрийн үйл ажиллагаа явуулж буй Дорноговь аймгийн Мандах сум болон Өмнөговь аймгийн Гурвантэс суманд “Ботгонд-Бонус” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Дээрх сумдын малчдын дунд зарласан “Ботгонд-Бонус” болзолт уралдааны урамшуулал гардуулах үйл ажиллагаа энэ сарын дөрөвний өдөр боллоо. “МАК” компаниас жил бүр уламжлал болгон зохион байгуулах энэхүү уралдаан нь жилийн турш хөдөлмөр зүтгэл гарган, мал сүргээ өсгөсөн малчдыг урамшуулах, сүүлийн жилүүдэд тоо толгой нь буураад буй тэмээн сүргийг өсгөх зорилготой бөгөөд шинээр бойжуулсан ботго тус бүрт 10-20 мянган төгрөгийн урамшуулал олгож байгаа юм.
“Ботгонд-Бонус”-ын эзэн болсон Дорноговь аймгийн Мандах сумын нийт 136 малчдыг урамшуулсан бөгөөд тус сумын Алхантээг багийн малчин Н.Баясгалан хамгийн олон буюу 36 ботго шинээр бойжуулсан дүнгээр малчдаа тэргүүлсэн байна. Говь нутгийн чимэг болсон тэмээн сүргийн тоо толгой сүүлийн жилүүдэд тэрдундаа Мандах сумын хувьд нэлээд хорогдсон аж. Өнгөрөгч 2011 оны мал тооллогоор Мандах сум нийт 706 ботго бойжуулсан бол 2012 онд 922 болж нэмэгджээ. Ийнхүү ботгоны тоо нэмэгдсэн нь малчдын хичээл зүтгэлийн амжилт бөгөөд “Ботгонд-Бонус” хөтөлбөрийн үр дүн гарч байна хэмээн нутгийн удирдлагууд хэлж байна. Харин Өмнөговь аймгийн Гурвантэс сумын хувьд нийт 254 малчин “Ботгонд-Бонус”-ын эзэн болж урамшуулал хүртлээ. Үүнээс хамгийн олон буюу 30 ботгыг тус сумын “Гоёот” багийн малчин Д.Наваандорж бойжуулжээ. 2011 оны мал тооллогоор тус сум 4300 гаруй тэмээ тоолуулж байсан бол 2012 онд нийт 5479 болж өссөн байна.
“ “МАК” компаниас зохион байгуулсан “Ботгонд-Бонус” болзолт уралдаан нь малчин бидэнд урам өгөх, хийсэн хөдөлмөрлөснийхөө үр шимийг хүртэх сайхан ажил боллоо. Энэ нь малчдын хөдөлмөрийг үнэлээд зогсохгүй тэмээн тоо толгой өсч, улмаар улс эх оронд ч үр дүнгээ өгөх сайн ажлын эхлэл болж байна” хэмээн малчид ярьж байна.