.:: Монголын Алт Корпораци ::.

+976+75759700 info@mak.mn

Menu
Б.НЯМТАЙШИР: ӨӨРСДИЙНХНИЙГӨӨ ТАТАЖ УНАГАХ ГЭЖ ЭЛДВЭЭР БИЧИХ ЮМ. ТЭГЭЭД ЭНЭ УЛС ОРНЫГ ЧИНЬ ХЭН ХӨГЖҮҮЛЭХ ЮМ БЭ?

Мэдээ 2015 оны December дугаар сарын 08-нд нийтлэв.


Монголын алт корпораци (МАК)-ийн ерөнхийлөгч Б.Нямтайширтай ярилцлаа.

-МАК бүтээн байгуулалтын хэд хэдэн том төслүүдийг зэрэг хэрэгжүүлж байгаа ганц компани. Том хөрөнгө оруулалттай төслүүдийг зэрэг эхлүүлэх болсон шалтгаанаас яриагаа эхлүүлье.

-Шалтгаан гэхээсээ илүүтэй шаардлага, хэрэгцээ гэдэг талаас нь харж тайлбарлах нь зүйтэй болов уу. 2010-2012 он гэдэг бол уул уурхайн салбарын зах зээл, үнэ коньюктурын хувьд “оргил” үе байлаа. Манай компанийн гол үйлдвэрлэл болсон нүүрсний үнэ өндөр, экспортын зах зээлийн эрэлт, хэрэгцээ их байсан. Бид жилд дангаараа таван сая гаруй тонн нүүрс экспортод гаргаж байлаа шүү дээ.

Ийм цаг үед нүүрснээс олсон орлогоо идэж, уугаад, эсвэл хав дараад сууж болох л байсан. Харин бид тэгээгүй.

Монголынхоо ирээдүйд хэрэгтэй, улс орны эдийн засагт бодитой ач холбогдол болохуйц томоохон төсөл, хөтөлбөрт олсон ашгаа хөрөнгө оруулалт болгон хийх бодлогыг баримталж ирсэн.

Цемент бол барилга болон аж үйлдвэрийн салбарын “гурил” нь. Гурил нь ямар байна, талх нь тийм байх болно. Нөгөө талаасаа цемент гэдэг аливаа улс орны стратегийн гол нэрийн бүтээгдэхүүн байдаг. Гэтэл Монгол Улс цементийн хэрэглээнийхээ дийлэнх хувийг Хятадаас импортолж байсан.

Нөгөө талаас тухайн үед барилга, орон сууцжуулалт хурдацтай хөгжиж байсан. Олон улсын стандартад нийцсэн, чанартай барилгын материалын хэрэгцээ шаардлага тэр хэрээр нэмэгдэж байсан юм. Тиймээс Монголын бүтээн байгуулалтад эн тэргүүний эрэлт хэрэгцээтэй байгаа цемент болон барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах үүднээс Хөх цавын цемент-шохойн үйлдвэрийн цогцолбор, Хийт бетоны үйлдвэрийн төслүүдийг эхлүүлсэн.

Мөн энэ үед Цагаан суваргын зэс, молибдений ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөл бүрдсэн, өөрөөр хэлбэл олон улсын стандарт шаардлагад нийцсэн хайгуул, судалгааны ажил дуусаж, ТЭЗҮ бэлэн болсон учраас бүтээн байгуулалтын ажлыг нь 2012 оноос эхлүүлсэн юм.

-Гадны банк санхүүгийн байгууллагаас санхүүжилт босгоход монгол компаниудын өмнө ямар асуудлууд тулгардаг вэ? Монгол компани дэлхийн санхүүгийн зах зээлээс том хөрөнгө оруулалт татах чадвартай болохын тулд төр засгаас болон компаниудын зүгээс хийх ёстой шийдэл, алхам гэвэл та юуг онцлох вэ?

-Бидний ярьж хэвшсэнээр санхүүжилтийг олон арга замаар “босгож” болно. Шууд хөрөнгө оруулалтаар, зээлээр, ирээдүйд гаргах бүтээгдэхүүнээ урьдчилан худалдах урт хугацааны худалдааны гэрээгээр, мөн гадаад орны экспортын даатгалд хамрагдах замаар технологи, тоног төхөөрөмжөө зээлээр авах зэрэг олон арга замууд бий.

Манай улсын хувьд дэд бүтцийн хөгжил сул учраас аливаа төслийг хэрэгжүүлэхэд эрчим хүч, зам харилцаа зэрэг дэд бүтцийн нэмэлт хөрөнгө оруулалт зайлшгүй хийх хүндрэл тулгардаг. Энэ нь төслийн хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх, эдийн засгийн үзүүлэлтүүдийг муутгаж харагдуулах гол шалтгаан болдог.

Дэлхийн санхүүгийн зах зээлээс хөрөнгө оруулалтыг татахын тулд юуны өмнө тухайн улс орны хууль эрхзүйн орчин тодорхой, ойлгомжтой, тогтвортой байх, төр засаг нь тухайн төслийг дэмжиж хөрөнгө оруулалтын тогтворжуулалтын гэрээг байгуулсан байхаас гадна мэдээж төсөл өөрөө олон улсын стандарт шаардлагад нийцсэн байх, тэрхүү стандарт шаардлагын дагуу баримт бичгүүд нь боловсруулагдсан байх, эдийн засгийн хувьд үр ашигтай, бүтээгдэхүүний чанар болон зах зээл найдвартай байх зэргээс хамаарна шүү дээ.

-МАК-ийн хэрэгжүүлж буй том төслийн нэг нь цементийн үйлдвэр. Монгол Улс цементийн хэрэглээгээ дотооддоо бүрэн хангах боломжтой юу. Жишээ нь МАК-ийн үйлдвэр Монголын дотоодын хэрэгцээний хэчнээн хувийг хангах хүчин чадалтай байх бол?

Монгол Улс цементийнхээ хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангахаас гадна цаашдаа ОХУ-ын хил залгаа бүсэд экспортлох ч боломж бүрдэнэ гэж би хувьдаа боддог.

Манай төслийн хувьд нэг сая тоннын хүчин чадалтай, ирэх онд ашиглалтад авна. Эрэлт хэрэгцээ бий болох тохиолдолд хоёр сая тонн хүртэл өргөтгөх байдлаар бид төсөлдөө тусгасан. Гэхдээ одоогоор Монгол Улсын цементийн хэрэгцээний хэдэн хувийг манай үйлдвэр хангахыг тооцох боломжгүй юм. Яагаад гэвэл аж үйлдвэр, дэд бүтэц, зам харилцаа, хот байгуулалтын томоохон төсөл, бүтээн байгуулалтын цементийн хэрэгцээг урьдчилан тооцоолж гаргасан статистик мэдээлэл, судалгаа одоогоор алга байна.

Энд нэг зүйлийг онцгой анхаарах ёстой. Гадны зээл, тусламж, хөрөнгө оруулалт, эсвэл уралдаант шалгаруулалтаар авсан томоохон бүтээн байгуулалтын цементийн хэрэглээг Монгол Улсаас, өөрөөр хэлбэл дотоодоос авдаг байх хатуу шаардлагыг төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдэд төр засгийн зүгээс тавьдаг, хянадаг механизмыг бүрдүүлэх ёстой.

Бодит амьдрал дээр Монголд төсөл хэрэгжүүлж буй, эсвэл бүтээн байгуулалт хийж байгаа гадныхан өөрсдийн улс оронд үйлдвэрлэсэн барилгын материалыг тухайн төсөлд түлхүү шахаж ашиглах бодлого барьдаг нь тодорхой харагддаг. Үндсэндээ зээлийн эргэн төлөлт бидний нуруун дээр буудаг ч гадны улсууд өөрийн орныхоо үйлдвэрлэлийг тэрхүү зээлээр дэмждэг нь нууц биш.

-Гадны хөрөнгө оруулалттай цементийн том үйлдвэр дотоодод баригдвал цементийн үндэсний үйлдвэрүүдийн өрсөлдөх чадварт муугаар нөлөөлнө гэсэн тайлбар бий. Энэ тал дээр таны байр суурийг сонсъё.

-Дотоод гадаадын ямар ч үйлдвэр бай мэдээж бүтээгдэхүүний чанар, үйлдвэрлэж буй технологи, үнэ өртгөөрөө л өрсөлдөнө.

Ер нь бол цементийг өөрийн стратегийн бараа бүтээгдэхүүнд оруулдаг улс орон бий. Өөрийн улс орондоо үйлдвэрлэсэн, чанарын асуудал дээр бүрэн хяналтаа тогтоосон цементээр барилга байгууламжаа барьдаг нь цаанаа нарийн учиртай. Тухайн улс, үндэстэн аюулгүй байдлаа хангаж байна гэж үздэг юм.

Үйлдвэрийн шугам, технологи оруулж ирэх нь нэг асуудал байх. Гэхдээ гол асуудал бол цемент үйлдвэрлэхэд шаардлагатай таван төрлийн үндсэн эрдэс түүхий эдийн байршил, дэд бүтэц, бүтээгдэхүүний чанар, түүнийг борлуулах зах зээлд хэр ойр зэргээс өрсөлдөх чадвар хамаарна.

Гаднаас чулуунцар буюу клинкер оруулж ирээд цемент үйлдвэрлэнэ гэсэн тооцоотой баригдсан үйлдвэр, цементийн тээрмүүд мэр сэр байхыг үгүйсгэхгүй. Саяхан Засгийн газраас импортын татварыг нэмчихсэн болохоор импортын клинкерээр үйлдвэрлэсэн цемент их л өндөр өртөгтэй байх болов уу, эсвэл чанарын шаардлага хангах эсэх нь эргэлзээтэй.

Өнөөгийн нөхцөлд шинээр хөрөнгө оруулалт хийж, цементийн үйлдвэр барих нь эрсдэлтэй л байх болов уу. Иймд гадны үйлдвэр нэмж баригдахгүй байх гэсэн бодолтой байгаа.

-Танай цементийн үйлдвэрт Чингис бондоос өгсөн бондын мөнгөний талаар Н. Номтойбаяр гишүүнийг холбож харсан байр суурь өнгөрөгч долоо хоногт сайтуудаар нэлээд бичигдлээ…?

-Өвөг дээдсийнхээ нэрээр нэрлэж олон улсын санхүүгийн зах зээл дээрээс босгосон бондын мөнгөний асуудлаар сүүлийн үед хэт их улстөржүүлж байна даа гэж харж байгаа. Тухайн үед Н.Алтанхуяг Ерөнхий сайд өөрийнхөө Засгийн газрын таван сайдтай очиж, газар дээр нь танилцаад “Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр баригдаж байгаа юм байна” гэж дүгнээд ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу нийт хөрөнгө оруулалтын гуравны нэгтэй тэнцэх санхүүжилтийг олгож болох юм гэж үзсэн.

Энэ нь 87.5 сая ам доллар. Одоогоор 56.6 сая ам. долларыг нь авч бүтээн байгуулалтын ажилдаа зарцуулчихаад байгаа. Бондын Удирдах зөвлөл гэж байдаг. Энэ хурлаар орсон, бид төслөө танилцуулсан. Дараа нь Засгийн газрын хурлаар орж шийдвэрлэгдсэн. Ерөнхий сайд ч шийдвэрлэчихсэн юм биш. Сүүлд нь Хөгжлийн банкны ТУЗ-ийн хурлаар орсон. Бид өөрсдийн хөрөнгөө, хувьцаагаа барьцаалсан. Энэ зээлийг бид төлнө, бүх үүрэг хариуцлагыг бид үүрнэ.

Эдийн засгийн хувьд зээлээ өлхөн даах, барууны техник технологитой, технологийн шугам нь олон төрлийн марк бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд уян хатан үйлдвэр босож байгаа. Ганц жишээ дурдахад бүтээгдэхүүний чанарын хяналтын шинжилгээнд хүний хүчин зүйлийн нөлөө оруулахгүйн үүднээс технологийн дамжлага дээрээс робот өөрөө дээжээ авч, өөрөө шинжилгээгээ хийх лабораторитой.

Энэхүү бондын санхүүжилтийг авахад Номтойбаярын ямар ч оролцоо байгаагүй, хэнийг ч лоббидож яваагүй, хэнд ч хүсэлт тавиагүй, ямар нэгэн шийдвэр гаргахад хэнд ч нөлөөлөөгүй гэдгийг хариуцлагатай хэлье. Хэрэв ийм нотлох баримт хэн нэгэнд байгаа бол гаргаад тавихыг үнэхээр хүсэж байна.

Аав хүү хоёрын хооронд хэн хэнийхээ ажилд оролцохгүй байх, өөрөөр хэлбэл улс төр, аж ахуйн ажил, бизнест хандах хатуу зааг ялгаа байдаг.

-Энэ жил ашиглалтад орсон хийт бетоны үйлдвэрийн барилгын салбарт үзүүлж байгаа, цаашид үзүүлэх нөлөөг та юу гэж бодож байна вэ?

-Юуны өмнө барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт евростандарт, европ чанар Монголд нэвтрэх анхны алхам болсон. Хоёрт барилгын материалын импорт тодорхой хэмжээнд буурч байгаа, гуравт барилгын жин багасч улмаар хөрөнгө оруулалт буурах нөхцөл бүрдэхээр байгаа.

“Евроблок” нэрийн бүтээгдэхүүн нь эрс тэс, цаг агаарын нөхцөлтэй барилгын улирал богинотой манай орны хувьд хөдөлмөр зарцуулалт, цаг хугацааг хэмнэх, хөрөнгө оруулалтыг бууруулах боломжийг бий болгож байгаа.

Байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй, дулаан хадгалах чадвар өндөртэй гээд олон давуу тал бий.

-Цаашдаа барилгын салбарт өөр чиглэлийн үйлдвэрлэл явуулах төлөвлөгөө МАК-д бий юу?

-Хэтийн төлөвдөө бол хийх ажил бий. Гэхдээ монголчууд “Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал” гэж ярьдаг шүү дээ. Тиймээс эн тэргүүнд нэгэнт эхлээд байгаа төслүүдээ ашиглалтад оруулах нь МАК-ийн ойрын 2-3 жилийн гол зорилт. Ирэх жил цементийн үйлдвэрээ, түүний дараагийн жил буюу 2017 онд Цагаан суваргаа ашиглалтад өгчихвөл, түүний дараа хийх зүйл бодол санаанд минь бий. Энэ талаар цаг нь ирэхээр ярилцъя даа.

-Цагаансуваргын ордын бүтээн байгуулалт ямар шатандаа яваа вэ. Энэ ордын бүтээн байгуулалтын дутуу байгаа хөрөнгө оруулалт, санхүүжилт хэдийгээр орж ирэх таамаг, төсөөлөл байна?

-Жилд 14,6 сая тонн хүдэр олборлон боловсруулж, 300 мянган тонн зэсийн, 5000 тонн молибдены баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай Цагаан суваргын төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ нэг тэрбум 89 сая ам.доллар болох юм. Бүтээн байгуулалтын ажил 2012 оноос эхэлсэн.

Төслийн хэрэгжилт 46 хувьтай байгаа. Баяжуулах үндсэн механик тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл 92 хувь, зураг төслийн боловсруулалт 91 хувь, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт 25 хувь, барилгын ажлын гүйцэтгэл 18 хувь, хүдрийн ил уурхайн тоног төхөөрөмж 100 хувь нийлүүлэгдээд байна.

Зарим нэг улстөрч, улс төрийн захиалагчдын үйлдлээс болоод санхүүжүүлж байсан банк зээлээ зогсоосон. Тэгэхээр бидний өмнө ахиад санхүүжүүлэгч олох, санхүүжилт босгох асуудал тулгарч байгаа. Монголын улс төр, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал бол гадны санхүүжүүлэгчдийн сонирхлыг татаж төсөлд оролцуулахад тийм амар биш байгаа.

Одоо бид 2011 онд байгуулагдсан Монгол, Германы Засгийн газар хоорондын “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах хэлэлцээр”-ийн хүрээнд санхүүжилтийн асуудлаа шийдвэрлэхээр ажиллаж байна.

Энэхүү хэлэлцээрт ХБНГУ-ын зүгээс Монголын аж үйлдвэрийн салбарыг дэмжих өргөн боломжууд тусгагдсан байдаг юм байна лээ. Манай компаниуд үүнийг сайн судалж, энэ боломжуудыг ашиглах ёстой гэж боддог. Түүний нэг нь “Зориулалтыг заагаагүй Зээлийн баталгаа” гаргах хэлбэр.

Герман улс боловсруулах үйлдвэр өндөр хөгжсөн гагцхүү түүхий эдийн хувьд асуудалтай орон. Хэрэв урт хугацаанд зөвхөн Германы боловсруулах үйлдвэрүүдэд түүхий эд болох бүтээгдэхүүн нийлүүлбэл Германы Засгийн газар баталгаа гаргаж, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрлэлийг нь дэмжихээр энэ хэлэлцээрт заасан байгаа.

Ийм учраас Цагаан Суваргын төслийн хүлээгдэж буй санхүүжилтийг ХБНГУ-ын Засгийн газрын баталгаагаар олгогдох зориулалтыг заагаагүй зээлээр санхүүжүүлэхээр ажиллаж байна. Энэхүү зээлийг авахад нэлээд өндөр шалгуур тавьдаг юм билээ. Үүнийг нь манай төсөл хангаж байгаа.

Эхний үндсэн нэг нөхцөл болох Германы аж ахуйн нэгжид бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээгээ өнгөрсөн аравдугаар сарын 15-нд ХБНГУ-ын “Аурубис” компанитай байгуулсан. Одоо дараагийн шатны буюу санхүүжүүлэх банкуудтайгаа хэлцлийн ажиллагааны уулзалтуудаа хийж байна.

-Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу гэж байгаа учраас энэ зээл Засгийн газрын зээл болно гэсэн үг үү?

-Би онцлон тэмдэглэж хэлэхийг хүсэж байна. Энэ зээл бол төслийн зээл, аж ахуйн нэгжийн авах зээл. Өөрөөр хэлбэл зээлийн эргэн төлөлтийг аж ахуйн нэгж өөрөө бүрэн хариуцна. Харин үүнийг Засгийн газрын авч байгаа зээл ч юм уу эсвэл Монголын Засгийн газар баталгаа гаргаж байгаа юм шиг зүйлүүдийг зарим нэг сайтууд бичээд байгаа юм билээ. Тийм зүйл биш гэдгийг хариуцлагатай хэлье.

Манайханд байгаа нэг муу зуршил бол юм хийх гэсэн гадныхныг болохоор хөөж туугаад, өөрсдийнхнийгөө болохоор татаж унагах гээд элдвээр бичих юм. Тэгээд энэ улс орныг чинь хэн хөгжүүлэх юм бэ?

Гадны нэг томоохон бизнесмэн надтай уулзаж байхдаа ийм үг хэлж байсан юм. “Ухаантай ард түмэн, улс орондоо юм хийлгэж, бүтээлгэчихээд шахах, гаргах бодлого барьдаг, танайхан юм хийж эхлээгүй байхад нь хөөж туугаад байх юм” гэж. Өнөөдрийн бидний дүр зураг нэг иймэрхүү л байгаа. “Үнэн үг хэлж байна даа” гэж бодогдсон шүү.

Харин энд би нэг зүйлийг зориуд яримаар байна. Саяхан манай аж үйлдвэрийн сайд баруун Европын орнуудаар дотоодын аж ахуйн нэгжүүдийн төлөөллөө дагуулан явж, олон төслийн ажлыг урагшлуулах маш амжилттай айлчлал хийсэн. Аж ахуйн нэгж хоорондын чухал чухал гэрээг Итали, Чехэд зурсан. Манай компаниуд ийм төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна гэдгийг төр, засгийнх нь түвшинд танилцуулж дэмжлэг авч өгсөн. Бидний асуудлыг ч гэсэн Германы эдийн засаг, эрчим хүчний яамны удирдах нөхдөд тодорхой танилцуулж өгсөн. Урьд өмнө аж ахуйн нэгжүүдээ гараас нь хөтлөөд, дагуулаад манай компаниудыг дэмжиж өгөөч гээд төр засгийнхантай нь ярьж хэлж явсан сайд хэр олон байсан билээ. Ихэнх нь л айдаг, эмээдэг, хардуулдаг, эсвэл томорхдог, нэрэлхдэг л байсан шүү дээ. Бид Д.Эрдэнэбат сайдад чин сэтгэлээсээ талархаж байгаа, бизнесийг дэмжих чиглэлд энэ хүн гадна талдаа үнэхээр салхи хагалсан. Ийм л сайд Монголыг хөгжүүлэхэд ус агаар мэт хэрэгтэй дээ.

-Цагаан суварга, цементийн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын гэрээг Засгийн газартай байгуулсан. Ач холбогдлыг нь та юу гэж харж байна?

-Манай парламент 2013 онд Хөрөнгө оруулалтын хуулийг шинэчлэн баталж гаргасан. Энэ хуулийн нэг онцлог бол гадаад дотоодын хөрөнгө оруулагч гэж ялгаагүй. Нөгөө талаар, бид бүгд л мэдэж байгаа, Их хурлаас 68 хувийн татварын хууль гэж гаргасан, стратегийн салбар дахь хөрөнгө оруулалтын хууль гээд л гаргасан. Энэ бүхэн гадаад талдаа Монгол Улсын хууль эрх зүйн орчин тогтворгүй гэсэн ойлголт газар авахад хүргэж нэг тийм болгоомжилсон бүрхүүлтэй болгочихоод байгаа ш дээ.

Харин саяхан Монгол Улсын Засгийн газартай МАК болон түүний охин компаниудын байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ бол Монгол Улс хөрөнгө оруулалтын орчноо тогтворжуулж байгаа юм байна гэсэн эерэг мессэж тарахад чухал үүрэгтэй болсон гэж би дүгнэж байгаа. Бидэнтэй хамтран ажилладаг, мөн миний таньдаг гадны олон түншүүд энэ гэрээний талаар надаас асууж сонирхсон нь ийм дүгнэлт хийхэд хүргэж байгаа юм. Энэ бол том ач холбогдол. Гэхдээ дотооддоо Засгийн газар хөрөнгө оруулалт хийхээр болчихсон ч юм шиг, бас л баталгаа гаргачихсан ч юм шиг буруу ойлголт яваад байна. Үнэнийг хэлэхэд манай зарим сэтгүүлчид энэ асуудлын талаар нийгэмд буруу ойлголт өгөөд, бас л улс төрийн будаг шунх түрхээд байх юм. Хөрөнгө оруулалтын тухай хуулийг уншаад үзчих хэрэгтэй л дээ. Хуульд заасны дагуу татварын орчныг буюу тодорхой яривал дөрвөн төрлийн татварыг, бүр тодруулбал аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, гааль, НӨАТ, ашигт малтмалын ашигласны төлбөрийг одоо байгаа хэмжээнд нь тогтворжуулж байгаа л хэрэг. Энэхүү тогтвортой татварын нөхцөл нь Цагаан суваргын төслийн хувьд 27 жил, Цементийн үйлдвэрийн хувьд 24 жилийн хугацаатай байх юм.

Хөрөнгө оруулалтын орчныг л баталгаажуулж өгсөн болохоос Засгаас хөрөнгө оруулах гэж байгаа, ямар нэгэн баталгаа гаргаж өгөх гэж байгаа гэсэн үүргийг Засгийн газар хүлээгээгүй.

Манай монголчуудын нэг том зовлон бол аливаа асуудлыг, ямар нэгэн төслийг улс төрийн өнцгөөс харж, улстөржүүлдэг. Ингэснээр тухайн бизнесийнх нь үйл ажиллагаа гацах, царцах, бусдын өмнө хүлээсэн итгэл найдвар хөсөрдөх байдалд хүргэдэг. Энэ нь нөгөө төслийнх нь хөрөнгө оруулалт нэмэгдэх, эдийн засгийн үр өгөөж буурах байдал руу түлхэж эцсийн дүндээ улс орныхоо хөгжлийг сааруулахад хүргэдэг. Ийм байдал нь улс орноо гэсэн сэтгэлтэй монгол хүний хийх үйлдэл яав ч биш дээ. Гадны захиалгаар яваад байна уу гэсэн бодол ч заримдаа төрөх юм.

-Цагаан суваргын уурхай ажиллаж эхэлснээр эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ?

-Цагаан суваргын уулын баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор шинээр 1200 орчим ажлын байр бий болно. Техник эдийн засгийн үндэслэлийн дагуу зэсийн үнийг тонн тутамд 5511 ам.доллар гэж тооцоолоход татвар хураамж хэлбэрээр жилд дунджаар 250 орчим тэрбум төгрөг, төслийн нийт хугацаанд 4.5 их наяд төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлнэ. Төслийн эдийн засгийн үр өгөөжийн 54 хувийг төр хүртэнэ. Нөөцийн хувьд Оюу толгойгоос 30 гаруй, Эрдэнэтээс 6-7 дахин бага юм шүү дээ.

Төсөл хэрэгжиж эхэлснээр уул уурхайн салбарын экспортын хэмжээ нэмэгдэж, гадаад худалдааны тэнцэлд эерэгээр нөлөөлж, валютын дотогшлох урсгал өссөнөөр ханш тогтворжиж, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт болох дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд бодитой хувь нэмэр болох учиртай.

-Зэс хайлуулах үйлдвэр барих ёстой, барих нь эдийн засгийн хувьд ашиггүй гэсэн эрс тэс байр сууриуд бий. Таны хувьд энэ асуудал дээр ямар байр суурьтай явдаг вэ?

-Зэс, зэсэн бүтээгдэхүүн орчин үеийн техник, технологи, ахуйн хэрэглээнд байнга өсөж байна. Зэсийн баяжмалаа хайлуулж цэвэр зэс үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэх нь мэдээж ашигтай байлгүй яахав.

Манай улсад зэс хайлуулах үйлдвэр байгуулах асуудал олон жилийн өмнөөс яригдсан, бид ч энэ талаар хангалттай тооцоо судалгаа хийж байсан, Эрдэнэт үйлдвэртэй хамтарсан ажлын хэсэг зохион байгуулан ажиллаж ч байлаа.

Ер нь бол зэс хайлуулах үйлдвэрт шийдвэрлэх гол асуудал бол дайвар бүтээгдэхүүн болох хүхрийн хүчлийн асуудал шүү дээ. Манай улсад зэс хайлуулах үйлдвэр барьж байгуулахад эхлээд дотоодын зах зээлд шингээж чадах хүхрийн хүчлийн хэрэглээг нарийн тооцож, үүнтэй уялдуулан зэс хайлуулах үйлдвэрийн хүчин чадлыг оновчтой сонгох хэрэгтэй. Хоёрдугаарт зэс хайлуулах үйлдвэрийн байршлыг олон талаас нь сайтар судалж тогтоох шаардлагатай. Миний бодлоор цэвэр зэс гаргах үйлдвэрийг дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн Бор-Өндөрт байгуулах боломжтой гэж үздэг.

-Нүүрсээ боловсруулж шингэн түлш гаргаж авдаг болчихвол эдийн засагт нэмэртэй гэж өчнөөн жил ярьж байна. Энэ яриаг ажил болгож, төсөл хэрэгжүүлж байгаа компанийн нэг нь МАК. Нүүрснээс шингэн түлш гаргаж авах төслийнхөө явцыг сонирхуулаач?

-Тийм ээ. Нефтийн бүтээгдэхүүний импортоос зуун хувийн хамааралтай манай орны хувьд нүүрсээ боловсруулж өөрийн хэрэгцээгээ хангах нь улс орны эдийн засгийн аюулгүй байдлыг хангах хамгийн чухал асуудал гэж үздэг. Тийм ч учраас МАК компани 2000 оноос эхлэн АНУ, Япон, Герман зэрэг өндөр хөгжилтэй орнуудад туршилт судалгааны олон ажлыг гүйцэтгүүлсэн, багагүй ч хөрөнгө мөнгө зарцуулсан.

Нүүрс шингэрүүлэх үйлдвэр нь асар их хөрөнгө оруулалт шаарддаг. Хайгуул судалгаа нь бүрэн хийгдэж, нөөц нь тогтоогдсон манай орны нүүрсний ордууд нь ил уурхайгаар ашиглах боломжтой учраас олборлолтын өртөг бага байна. Тийм болохоор нүүрснээс гарах бүтээгдэхүүний өөрийн өртөг хямд байх бүрэн боломжтой. Бидний хийсэн тооцоогоор нефть бүтээгдэхүүний үнэ нэг баррель нь 60 ам.доллараас дээш байх үед ажиллах боломжтой гэж гарсан.

Нүүрс шингэрүүлэх мега төслийн бэлтгэлийг хангасан Монголын хэд хэдэн компани бий. Энэ төслийг гагцхүү төр засгийн оролцоо, дэмжлэгтэйгээр хөрөнгө оруулалт, санхүүжилтийг шийдвэрлэн хэрэгжүүлэх боломжтой.

Нефтийн үнийн бууралтын энэ цаг үеийг үл харгалзан, боломж байдаг бол нүүрс-химийн аж үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй эхлэх нь улс орны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэнэ. Нефтийн үнэ өсөх нь гарцаагүй ээ.

-Манай нүүрсний гол худалдан авагч Хятад улс ногоон эдийн засгийг чухалчилж байна. Энэ бол нүүрсний үнэ унах нэг том шалтгаан. Нүүрсээ үнэ цэнэтэй, эдийн засгийнхаа нэг хөшүүрэг хэвээр байлгахын тулд бид яах ёстой вэ. Бодитой ямар гарц байна?

-Хятад улс агаарын бохирдолтой тэмцэх, ногоон эдийн засгийг хөгжүүлэх зорилт тавин түүхий нүүрсний хэрэглээнээс татгалзаж, чанарын өндөр стандарт тогтоосон энэ цаг үед нүүрсний чанараа дээшлүүлэх, үүний тулд угаах үйлдвэр байгуулах, мөн хямд өртөг бүхий ложистик тээвэрлэлтийг зохион байгуулах зайлшгүй шаардлага тулгарч байна.

Нүүрсний үнэ Хятадын зах зээл дээр улам л унаж байна. Бидний зүгээс зах зээл, худалдан авагчдаа хадгалах үүднээс өртөг зардлаа бууруулах чиглэлээр олон арга хэмжээ авч явуулж л байна. Төрийн зүгээс “нэг цонхны” бодлогыг яаралтай авч хэрэгжүүлэх нь Монголын нүүрсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нэг гол арга зам байх болно гэж бодож байна. Ер нь бол бизнесийг хэт их улстөржүүлж, хутгалдан оролцсоны горыг л бид амсаж байна шүү дээ.

-Та уул уурхайн салбарын мэргэжлийн хүний хувьд Оюу толгой, Таван толгой төслийн талаар ямар бодолтой явдаг вэ?

-Оюу толгой төслийг явуулах чиглэлээр Ерөнхий сайдын байр суурь, бодлого, үйл ажиллагааны талаар олон нийт ойр ойрхон шиг их тодорхой мэдээлэл авлаа шүү дээ.

Оюутолгой гэдэг компани өөрийнхөө уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөгөө л Дубайд баталсан. Үүнтэй холбогдуулж Ерөнхий сайдыг, Засгийн газрыг буруутгах ямар ч шаардлага байхгүй.

Түүхий эдийн үнэ унасан, төсөв бүрдэхэд асар хүнд, дээр нь улс орны хөгжлийг бага ч атугай урагшлуулахын төлөө зорьж байгаа энэ Шийдлийн Засгийн газар бол төр, хувийнх гэдгээр нь ялгаварлахгүйгээр хандаж байгаагаараа өмнөх Засгийн газруудаас онцлог гэж би хувьдаа дүгнэдэг. Оюу толгойн талаар Ерөнхий сайдын, түүний Засгийн газрын авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа бол цаг үеэ мэдэрсэн алхам, маневр байна гэж дэмжиж байгаа. Мэдээж бүх юм төгс төгөлдөр байна гэж байхгүй. Гэхдээ улс орны өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал ямар байгаа билээ.

Таван толгой бол дэлхийн хэмжээний төсөл. Монголын ард түмний хувьцааг төлөөлөн эзэмшиж байгаа “Эрдэнэс Таван толгой” компани, мөн тэр бүсэд томоохон бүтээн байгуулалт хийсэн “Энержи Ресурс” компани дээрээ түшиглээд Монголын талынхаа 51 хувийг бүрдүүлэх асуудлаа юуны түрүүнд шийдвэрлэчих хэрэгтэй. Японы хөрөнгө оруулалт, техник технологийг түших үүднээс Японы компани байх нь зүйтэй. Мөн ложистик тээвэр, зах зээлээ бодолцон Хятадын компанийг 49 хувьдаа багтаах нь ч зөв. Зах зээл дээр нүүрсний үнэ асар их унасан байгаа. Гэхдээ хямралыг боломж болгодог туршлага улс орнуудад байдаг. Металл, болон металл хийцийн үнэ уналттай, хямд байгаа энэ цаг үед энэ төслийг явуулж бүтээн байгуулалтаа хийгээд авбал хөрөнгө оруулалт нилээд хэмжээгээр багасна. Ийм болохоор энэ төслийг урагш явуулах цаг үе нь болсон.

-Таван толгойн төсөлд МАК оролцох бодол байгаа юу?

-Ордыг ашиглах анхны сонгон шалгаруулалтад манайх материалаа бэлтгэн өгч оролцож байсан. Уул уурхайн мэргэжлийн компанийн хувьд дэлхий хэмжээний энэ том төсөлд оролцох, нэр холбогдох мэргэжлийн амбиц бол байгаа. Гэхдээ удирдлагын багийн түвшинд юм уу эсвэл бага хэмжээний хувьцаа эзэмших байдлаар оролцоход л болно. Адилхан баялаг бүтээж байгаа бусдынхаа өмнүүр хөндөлсөж болохгүй гэсэн ёс зүй бидэнд бас бий.

-Монгол Улсын өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг та яаж харж байна. Үндсэн хуулийн өөрчлөлт, намуудын төлөвшил, сонгуулийн тухай хууль гээд одоогийн өрнөж байгаа үйл явцын талаар таны байр суурийг сонирхмоор байна?

-Би бол улстөрч биш, аль нэг улс төрийн намд харьяалагддаггүй. Тийм болохоор жирийн иргэнийхээ л байр суурийг хэлье. Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахдаа нэлээд тулхтай хандах хэрэгтэй гэж боддог. Энэ бол тэр бүр өөрчлөөд байх боломжгүй хууль. 1992 оны Үндсэн хууль бол шилжилтийн үеийн түүхэн үүргээ гүйцэтгэсэн сайн хууль. Ийм болохоор зарчмын өөрчлөлт хийх шаардлага байгаа гэж боддог.

Хувь хүний санаа бодол гэвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар нийгмийн бүхий л төлөөлөл, шинэ Үндсэн хуулийг батлалцаж байсан хүмүүс, төр засгийн өндөр албан тушаал хашиж байсан ахмадуудаа оролцуулан томоохон зөвлөл байгуулан нухацтай ажиллах хэрэгтэй гэж боддог.

Одоогийн яригдаад байгаа өөрчлөлтүүд Үндсэн хуульд ороход ямар ямар сөрөг үр дагавар гарч болох вэ гэдгээ олон талаас хэлэлцэж, урьдчилан харж, тооцоолох нь чухал. Нөгөө талаас яригдаж байгаа эдгээр өөрчлөлт ийм асуудлыг шийдвэрлэнэ гэдэг дээр нийт ард түмнээрээ нэг ойлголттой болох ёстой гэж харж байгаа.

Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн дор юуны өмнө улс төрийн намуудаа цэгцлэх шаардлага байна. Монголын гуравхан сая хүнд хорин дөрөв таван улс төрийн намын хэрэг гэж огт байхгүй гэж үздэг. Босго, шалгуураа өндөрсгөөд улс төрийн сонгуульд санал аваагүй намуудыг татан буулгахаар хуульчлах ёстой. Ядаж л өөр хоорондоо нэгдэх процесс явна ш дээ.

УИХ-ын бүрэн эрхийн хугацааны хувьд бүр зургаан жил болгож тогтвортой ажиллах нөхцөлийг нь бүрдүүлэх ёстой гэж боддог. Энэ нэг тогтворгүй, залгамж чанаргүй бодлогоос, байнгын засаг солигдох үйл явцаас ард түмэн ч тэр, гадаад талдаа ч тэр, үндсэндээ залхаж байна шүү дээ.

Их хурлын гишүүдийн тоог хүн амдаа тохируулах шаардлага байгаа байх. Харин тэдний хариуцлагыг өндөржүүлж, улс орныхоо нэр төр, эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд халтай популист хууль санаачилсан, ард иргэдийг буруу алхамд турхирсан үйлдэл гаргаж байгаа гишүүдэд хариуцлага тооцдог, эргүүлэн татдаг механизмтай болох ёстой.

Их хурлын гишүүдийн гуравны нэгийг нь гурван жил болоод ротаци хийж солигддог байхад ч болохгүй зүйлгүй шүү дээ.

Монголчууд бид улстөржих асуудлаа саармагжуулж, парламент нь хуулиа гаргадаг, гүйцэтгэх засаглал нь хийх ёстой ажлаа хийдэг, эв эеэ хичээхийг эрхэмлэмээр байна. Дэлхий нийтийн хөгжлийн жагсаалд орох цаг болчихоод байна. Хэдий болтол хоорондоо ингэж талцаж, толхилцож явах юм бэ? Хүрэх хугацаа, цаг үе гэж байдаг бол одоо түүндээ бид хүрчихээд байна шүү дээ.

-МАК бол бүтээн байгуулалт өрнүүлж буй Монголын үндэсний том компаниудын нэг. “Үйлдвэрлэлээ хөгжүүлж байж улс хөгжинө” гэдэг тайлбарын нөгөө талд “гаднаас технологи импортолж, үйлдвэр байгуулахын оронд өөр гарц хайя” гэх байр суурь ч сонсогддог. Таныхаар улсаа хөгжилд хүргэхийн тулд бид яах ёстой вэ?

-Ийм юм ярьж байгаа, бодож байгаа хүмүүсийн санал миний ой ухаанд багтахгүй юм байна. Үйлдвэржүүлэлтгүйгээр улс орон хөгжихгүй. Дэлхий нийтийн явж ирсэн сонгодог зам бол энэ.Үйлдвэр хөгжихгүйгээр ард түмнээ яаж ажлын байртай болгох вэ, төсвөө яаж бүрдүүлэх вэ гэх мэт олон асуудал байна.

Бид хүн, байгальдаа ээлтэй дэлхийн хамгийн шилдэг техник, технологийг Монголдоо нутагшуулах, түүнийг монголчууд бид өөрсдөө эзэмшиж баялаг бүтээх бодлогыг л баримталдаг. Ядаж өөрийн хоол хүнс, өргөн хэрэглээгээ дотооддоо зуун хувь хангадаг, илүүдлийг нь экспортлодог хэмжээнд аж үйлдвэрээ хөгжүүлж, улс орныхоо аюулгүй байдлыг хангах учиртай гэж боддог. Саяхан гэхэд Европын холбооноос ОХУ-ын эсрэг худалдааны хориг тавьсан гашуун түүхийг бид мэдэж байгаа шүү дээ.

Аливаа улс орон өөрийн хамгийн хүнд хэцүү цаг үедээ эвлэлдэн нэгдэж, бэрхшээл саадыг хамтын хүчээр даван туулж хөгжил цэцэглэлтэд хүрсэн түүх байдаг. Ийм болохоор улс орноо хөгжилд хүргэхийн тулд төр нь ч тэр, ард түмэн нь ч тэр нэг санаа зорилготой байж, эвлэлдэн нэгдэж, хүч, чармайлтаа хөгжлийн төлөө хандуулах ёстой.

Эв нэгдэл байхгүй бол хөгжил байхгүй. Танай сониноор дамжуулан нийт ард иргэд, улс төрийн хүчнийхэнд хандан эв нэгдэлтэй байж, улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө хамтдаа зүтгэцгээе гэж хэлмээр байна.