.:: Монголын Алт Корпораци ::.

+976+75759700 info@mak.mn

Menu

ГЕОЛОГИ ХАЙГУУЛ

Нүүрсний хайгуулын чиглэлээр

-Адуунчулууны орд
-Хөөтийн орд
-Нарийн сухайтын ордууд дээр нарийвчилсан хайгуулын ажлыг гүйцэтгэн, дээрхи ордуудын нүүрсний нөөцийг тооцож, ЭБМЗөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулж, Улсын нөөцийн нэгдсэн санд бүртгүүлсэн. Мөн дээрхи ордуудын нүүрсний нөөцийг JORC стандартаар тооцсон.

Металл ашигт малтмалын чиглэлээр

-Цагаан суваргын зэс молибдены ордын эргэн тойронд орших талбайд урьдчилсан хайгуулын ажлын хүрээнд гүний геофизикийн судалгаа, өрөмдлөгийн ажлуудыг явуулж байна.
Өмнөх жилүүдэд Цагаан суваргын зэс молибдены ордын Сэрвэн сухайтын хэсэгт нарийвчилсан хайгуулын ажлыг иж бүрэн гүйцэтгэж, ордын нөөцийг баттай болон бодитой зэргээр тогтоон, 2009 онд АМГ, ЭБЭХЯ-ны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулж, Улсын нөөцийн нэгдсэн санд бүртгүүлсэн.
2013 онд Цагаан суваргын ордын гаднах хайгуулын талбай дээр зэсийн исэлдсэн хүдрийн хайгуулын ажил явуулж, исэлдсэн хүдрийн нөөц шинээр батлуулсаны үр дүнд Цагаан суваргын уулын баяжуулах үйлдвэрийг түшиглэн жилд 5000 тн катодын зэс боловсруулах үйлдвэр байгуулах боломж бүрдсэн юм.

Барилгын материалын чиглэлээр

-Дэнжийн элс, Зуун модны элсний ордууд
-Хөх цавын шохойн чулууны орд
-Шар хоолойн шавар, элсний орд
-Ширээгийн хөндийн гөлтгөний орд
зэрэг талбайд нарийвчилсан хайгуулын ажлыг гүйцэтгэн, дээрхи ордуудын нөөцийг  үйлдвэрлэлийн зэргээр тооцож, Улсын нөөцийн нэгдсэн санд бүртгүүлсэн.

Газрын тосны чиглэлээр

Төхөм-Х урд талбайд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрны тосны газартай бүтээгдэхүүн хуваах гэрээг 2012 оны 7 дугаар сард байгуулан, гэрээнд заасан төлөвлөгөөний дагуу хайгуулын ажлыг компанийн санхүүгийн боломжийн хүрээнд, шат дараалалтай явуулж байна.

Геофизикийн чиглэлээр

Компанийн эзэмшилд байгаа хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмалын болон газрын доорхи усны эрэл хайгуулын чиглэлээр геофизикийн дараах төрлийн судалгаануудыг хийж байна.

-цахилгаан хайгуул
-соронзон хайгуул
-цооногийн геофизикийн судалгаа
-цөмийн соронзон резонанс (усны хайгуул)-ын судалгаа

Гидрогеологийн чиглэлээр:

Компанийн хэрэгжүүлж байгаа томоохон төслүүдэд шаардагдах усны эх үүсвэрийг хангах зорилгоор газрын доорх усны хайгуулын ажлыг өргөн хүрээтэй явуулж ирсэн. Эдгээр ажлын үр дүнд Цагаан суваргын ордын баяжуулах үйлдвэр, Хөх цавын цементийн үйлдвэр, Хийт бетоны үйлдвэр, Хөөт, Адуунчулуун, Нарийн сухайтын уурхай зэрэг томоохон үйлдвэрүүдийн усан хангамжийн асуудлыг шийдвэрлэсэн. Мөн дээрхи нүүрсний уурхайнуудыг түшиглэн барихаар төлөвлөж байгаа дулааны цахилгаан станц, Нүүрс баяжуулах үйлдвэр, нүүрс-химийн үйлдвэр зэрэг томоохон төслүүдийн усан хангамжийг шйийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна.

Мэдээлэл боловсруулалтын чиглэлээр

Мэдээлэл боловсруулах хэсэг нь геологи хайгуулын хээрийн судалгааны явцад цуглуулсан бүхий л мэдээллүүдийг нэгтгэн мэдээллийн баазыг бүрдүүлэх, шинэчлэх, үүсгэсэн мэдээллийн баазыг ашиглан шаардлагатай мэдээллүүдийг түргэн шуурхай гаргах, дүн шинжилгээ хийх үндсэн зорилготой ажилладаг.
Манай мэдээллийн хэсэг нь Geobank, Micromine, ArcGIS зэрэг орчин үеийн программ хангамжийг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж байна.

Цаашдын зорилго

Металл ашигт малтмалын чиглэлээр эрэл хайгуулын ажлыг эрчимжүүлж, шинээр алтны үндсэн орд илрүүлж, нөөцийг тогтоох, нүүрс, шатдаг занарын ордуудын хайгуулын ажлыг нарийвчлан хийж, ордын нөөцийг нэмэгдүүлэх, компанийн хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа томоохон төслүүдийн усны хэрэглээг хамгийн ойр байрлалаас хангах эх үүсвэрийг илрүүлэх, геологийн мэдээлэл цуглуулах, хянах, боловсруулах ажлыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн (JORC, CIM) стандартад нийцүүлэх зэрэг томоохон зорилттой ажиллаж байна.