.:: Монголын Алт Корпораци ::.

+976+75759700 info@mak.mn

Menu
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Төв, Дорноговь аймагт шинээр босч буй үйлдвэрүүдтэй танилцлаа

Мэдээ 2014 оны June дугаар сарын 11-нд нийтлэв.


Дэд бүтэц илүү хөгжсөн, ашигт малтмалын нөөц баялагтай дорнын говь ойрын ирээдүйд барилгын материалын болон уул уурхайн түүхий эдийн боловсруулах үйлдвэрийн томоохон зангилаа төв болно.

Төв аймгийн Сэргэлэн, Дорноговь аймгийн Даланжаргалан, Мандах, Өргөн сумдад босч буй “Монголын алт” корпорацийн хийт бетон, цемент болон зэс молибдений, “Гермес гахиур” ХХК-ийн цементийн, “Монполимет” группын цементийн үйлдвэрүүдийн бүтээн байгуулалтын явцтай Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нар өчигдөр газар дээр нь очиж танилцлаа.

Ерөнхий сайдын танилцсан цементийн үйлдвэрүүд жилд 2,2 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай. Энэ нь манай улсын цементийн дотоодын хэрэгцээг эхний ээлжинд хангах хэмжээ юм. Харин “Цагаан суваргын зэс молибдений үйлдвэр” Эрдэнэт үйлдвэрийн 60 хувьтай тэнцэхүйц нөөц, хүчин чадалтай. Энэ үйлдвэр ашиглалтад орвол жилдээ 300 гаруй мянган тонн баяжмал гаргаж, экспортын хэмжээ багагүй хэмжээгээр нэмэгдэнэ.

Хувийн хэвшил өөрийн хөрөнгөөр эхлүүлээд байгаа дээрх эдгээр үйлдвэрийн төсөлд Засгийн газрын дэмжлэг хэрэгтэй байгааг компанийн удирдлагууд хэллээ. Засгийн газраас хөрөнгө санхүү, татвар, ажиллах хүчний чиглэлээр дэмжлэг үзүүлбэл дээрх үйлдвэрүүд богино хугацаанд ашиглалтад орох боломжтой. Ингэснээр импортыг орлож, экспорт нэмэх Шинэчлэлийн Засгийн газрын үйлдвэржилтийн бодлого, зорилтод хувь нэмэр оруулна гэж тэд үзэж байна.

“Монголдоо бүтээцгээе” гэсэн том зорилттой ажиллаж байгаа Шинэчлэлийн Засгийн газар бүтээн байгуулалтад нэн чухал шаардлагатай барилгын материалын болон экспорт нэмэгдүүлэх үйлдвэрүүдийг дэмжихэд бэлэн. Өмнө нь олон удаа уулзаж ярилцсан ажлуудыг газар дээр нь харж, бүтээн байгуулалтынх нь явц байдалтай танилцсанаар дараагийн шийдвэрүүдийг удахгүй гаргана гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

http://zasag.mn/news/view/5287#sthash.gN8p8LnV.dpuf