.:: Монголын Алт Корпораци ::.

+976+75759700 info@mak.mn

Menu
МАК ЦАГААН СУВАРГЫН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛСНААР 24 ЖИЛ ТОГТВОРТОЙ ТАТВАР ТӨЛНӨ

Мэдээ 2015 оны October дугаар сарын 21-нд нийтлэв.


Цагаан суваргын зэс молибденийн баяжуулах үйлдвэрийн төсөлд хөрөнгө оруулах гэрээг өнөөдөр байгууллаа. Гэрээнд МАК-ийн ерөнхийлөгч Б.Нямтайшир, Уул уурхайн сайд Р.Жигжид нар гарын үсэг зурлаа. Мөн энэ үеэр Хөх цавын цемент-шохойн үйлдвэрт хөрөнгө оруулах гэрээнд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Б.Нямтайшир нар гарын үсэг зурлаа.

Энэ гэрээг Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг, Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах журмын дагуу байгуулснаараа онцлог гэнэ. Тодруулбал 20.1 дэх хэсэгт “Засгийн газар 500 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчтай түүний гаргасан хүсэлтийн дагуу үйл ажиллагаа явуулах орчныг нь тогтвортой байлгах зорилгоор хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна” гэж заажээ.

Өнөөдөр гарын үсэг зурсан гэрээг эцэслэн байгуулах хүртэл талууд зарчмын болон техникийн 92 саналыг хэлэлцжээ. Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг гарган, тэд МАК-ийн “Эрдэнэс цагаан суварга” компанийн удирдлагуудтай хэлцэл хийсэн байна.

УИХ-ын 54 дүгээр тогтоолоор Цагаан суварга зэс молибдений ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж үзсэн байдаг.

АЖ ҮЙЛДВЭРИЙН САЙД Д.ЭРДЭНЭБАТ: ЦАГААН СУВАРГАД ХИЙХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ЭРДЭНЭТ, ОЮУТОЛГОЙГООС ШАЛ ӨӨР

Хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдснааас хойш Засгийн газар анх удаа хувийн хэвшлийн төлөөлөлтэй Хөрөнгө оруулалтын гэрээ байгууллаа. Энэ бол Засгийн газар үндэсний үйлдвэрлэгчдээ итгэж байгаа хэрэг юм. Бидний байгуулсан гэрээ Монгол улсын эдийн засгийн чадавхийг бэхжүүлнэ. Мөн МАК-ийн хэрэгжүүлэх төслүүдэд гадны хөрөнгө оруулагчид хөрөнгөө оруулах үүдийг нээлээ. Бид цаашид ч дотоодын хөрөнгө оруулагчдын хэрэгжүүлэх хүнд, хөнгөн үйлдвэрийн төслийг дэмжинэ. Цагаан суваргад хийх хөрөнгө оруулалт Эрдэнэт, Оюутолгойгоос шал өөр. Зах зээлийнхээ зөв жишгээр хийсэн хөрөнгө оруулалт тул төр дэмжлээ. Цаашид бид хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэхдээ энэ жишгийг дагах ёстой. Өнөөдрийн гэрээний үндсэн дээр Монгол Улс урт хугацааны, тогтвортой орлоготой болно.

Б.НЯМТАЙШИР: БИДЭНД ЯМАР НЭГ ХӨНГӨЛӨЛТ, ДАВУУ ЭРХ ОЛГООГҮЙ

Өнөөдөр Монгол Улсын түүхэнд чухал үйл явдал болж байна. Би 25 жил бизнес эрхэлж байна. 2013 оныг хүртэл дотоодын хөрөнгө оруулагчдад гадаадын хөрөнгө оруулагчдад үзүүлдэг давуу эрхийг олголгүй ирсэн. Харин 2013 онд баталсан Хөрөнгө оруулалтын хуулиар дотоод гадаад хөрөнгө оруулагчдад ижил нөхцөл олголоо. Үндэсний компаниудаас анх удаа бид энэ гэрээг хийж байгаад МАК-чууд баяртай байна.
Цагаан суваргын ордыг эргэлтэд оруулахад шаардлагатай 680 сая ам.долларыг бид ХБНГУ-ын Засгийн газрын дэмжлэгтэй шийдвэрлэнэ. Үүний угтвар болгон өнөөдрийн гэрээг байгууллаа. Засгийн газраас одоо мөрдөж буй татварын хувь, хэмжээг тогтворжуулах үүрэг хүлээж байна. Түүнээс хөрөнгө оруулагчид ямар нэг хөнгөлөлт, давуу эрх олгоогүй”.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА С.ЖАВХЛАНБААТАР: ТӨСӨЛД ТӨРИЙН ОРОЛЦОО БАЙХГҮЙ

Бидний байгуулсан гэрээний зорилго нь хувийн хэвшилд тухайн төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх. Оюутолгой, Тавантолгойгоос ялгаатай нь төсөлд төрийн оролцоо байхгүй. Цагаан суваргад таван үе шатлалаар хөрөнгө оруулна”.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭНИЙ ТУХАЙД

– 17 зүйл, 16 хуудастай
– Хөрөнгө оруулагч тал бүх эрсдэлээ хариуцна.
– Засгийн газар хөрөнгө оруулагч талаас дөрвөн төрлийн татварыг 24 жилийн турш тогтвортой хэмжээгээр авна. Эдгээр нь ААН-ийн Орлогын албан татвар, НӨАТ, Гаалийн албан татвар болон Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр юм.
– Хариуд нь хөрөнгө оруулагч тал буюу “Эрдэнэс цагаан суварга” ХХК бүс нутгийн байгаль орчны болон нийгмийн асуудлыг шийдвэрлэх үүрэг хүлээжээ.
– Хөрөнгө оруулагч орон нутгийн байгууллага, иргэдтэй хэрхэн ажиллах талаар ч гэрээнд тусгажээ.
– “Шинэ сум төв” хөтөлбөрийн хүрээнд Мандах сумын төвийн захиргааны байр, эмнэлэг, сургууль, дотуур байр, цэцэрлэг, соёлын төвийг өөрийн хөрөнгөөр барина.
– Төслийн бүтээн байгуулалтын болон үйлдвэрлэлийн шатанд хөрөнгө оруулагч туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч сонгохдоо монгол компаниудыг түлхүү оролцуулах үүрэгтэй.

ЦАГААН СУВАРГЫН ОРД БОЛОН ҮЙЛДВЭРИЙН ТУХАЙД

– Дорноговь аймгийн Мандах сумын нутагт оршдог.
– Энэ ордод түшиглэн хөвүүлэн баяжуулах дэвшилтэт технологи бүхий зэс, молибдений баяжмал үйлдвэрлэх үйлдвэр барина.
– Уурхайн одоогийн батлагдсан нөөцийг ил уурхай хэлбэрээр, 18 жилийн хугацаанд, 2 үе шаттай ашиглана.
– Одоогоор төслийн ажлын явц 50 хувьтай байна.
– 2018 онд ордоос гаргах бүтээгдэхүүн болох зэс, молибдений ордыг ХБНГУ-д экспортолж эхэлнэ.
– Үйлдвэр ашиглалтад орсноор “Эрдэнэт” үйлдвэрийн дараа орох, манай улсн хоёр дахь том үйлдвэр болно.



МАК цементийн үйлдвэрээ ирэх оны зургаадугаар сард ашиглалтад оруулах юм байна. Одоогоор төслийн гүйцэтгэл 90 хувьтай байгаа аж. Үйлдвэрийн тоног төхөөрөмжийг ЕХ-ны улсаас худалдан авчээ.
Төгсгөлд нь өнөөдөр байгуулсан гэрээний эрх зүйн гол тулгуур болсон, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 20.1 дэх заалтыг дахин сануулъя. “Засгийн газар 500 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчтай түүний гаргасан хүсэлтийн дагуу үйл ажиллагаа явуулах орчныг нь тогтвортой байлгах зорилгоор хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна”.
Тэгэхээр 500 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгө оруулах үндэсний компани бүр Засгийн газарт хүсэлтээ гаргах эрхтэй. Хэрэв хэд хэдэн томоохон хөрөнгө оруулагч МАК-ийн жишгээр урт хугацааны тогтвортой байдлын гэрээ үзэглэчихвэл алс хэтдээ татварын орлого хэрхэн бүрдэх вэ гэдэг асуулт ургана.
Харин Ерөнхий сайдын хэвлэлийн зөвлөх Ц.Мөнхтөр “Энэ гэрээ эдийн засгийн хүндрэлтэй ямар ч хамаагүй. Хэвийн хэвшилдээ ч эдийн засагтаа ч ашигтай байя гэсэн үүднээс гэрээ байгуулсан. Мөн сүүлийн жилүүдэд татварын орчныг таатай болгох бодлого явуулж байна. Ингэж байж л хөрөнгө оруулалтыг нэмнэ” гэсэн юм.

Mэдээллийн эх сурвалж: http://news.gogo.mn/