.:: Монголын Алт Корпораци ::.

+976+75759700 info@mak.mn

Menu

НАРИЙН СУХАЙТЫН НҮҮРСНИЙ УУРХАЙ

“Нарийн сухайт”-ын чулуун нүүрсний орд нь Улаанбаатар хотоос 850 км, Монгол Улсын өмнөд хил Шивээхүрэн боомтоос 56 км-т, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт оршдог. “Нарийн сухайт”-ын ордод “Монголын Алт” (МАК) ХХК өөрийн 100% хөрөнгө оруулалттай чулуун нүүрсний уурхайгаа 2007 оны 12 дугаар сарын 11–нд нээж, 2008 оны 5 дугаар сарын 30-нд анхны нүүрсээ экспортолсон.

Уурхайн хамт олон: Нарийн сухайтын уурхай нь нийт 406 ажилтан ажиллагсадтай үйл ажиллагаагаа явуулж байна.
Ордын нөөц: 2002-2006 онуудад “Монголын Алт” (МАК) ХХК нь “Нарийн сухайт”-ын ордод өөрийн хүч хөрөнгөөр хайгуулын ажил гүйцэтгэж, үүний үр дүнд 229 сая тонн нүүрсний нөөц тогтоон, Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан. Нэмэлт хайгуулын ажил үргэлжилж байна.

Уурхайн нийт олборлох хүчин чадал: Жилдээ 10 сая тонн нүүрс.


Ажиллаж, амьдрах орчин: Нарийн Сухайтын уурхайн хотхонд 454 хүн ая тухтай амьдрах боломжийг бүрдүүлсэн бөгөөд уурхайн хотхон дараах барилга байгууламжуудаас бүрдэнэ.

1. Инженер, техникийн ажилтнуудын байр
2. Аж ахуйн ажилчдын байр
3. Нүүрс химийн лаборатори
4. Захиргааны байр
5. Зочид буудал
6. Орон нутгийн ажилчдын 8 айлын сууц
7. 104 болон 180 хүнд нэг дор үйлчлэх хоёр цайны газар
8. Спорт заал

9. Анхан шатны тусламж үзүүлэх эмнэлэг
10. Техникийн засвар үйлчилгээний төв
11. Угаалгын газар
12. Тоглоомын өрөө
13. Машин угаалгын газар
14. Хүнсний нарийн ногооны хүлэмж
15. Туслах аж ахуй.


Уурхайн дэд бүтэц: Нүүрсний экспортод хийгдэж буй гаалийн болон мэргэжлийн хяналтын үйл ажиллагааг боловсронгуй болгох, хяналт шалгалтын ажлыг сайжруулах зорилгоор уурхайн дэргэд Гаалийн хяналтын цогцолбор, мөн Шивээхүрэн боомтод Хилийн шалган нэвтрүүлэн гарц-хаалгуудыг барьж ашиглалтад оруулав.
Сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдож, интернетийн нэгдсэн сүлжээнд холбосон эдгээр байгууламжууд ашиглалтад орсноор боомтын хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, хил гааль, мэргэжлийн хяналтын ажилтнуудын ажиллах орчин нөхцөл сайжран, нүүрс тээвэрлэлтэд цаг хугацаа хэмнэх зэрэг олон давуу талууд бий болж байна.

Дэд бүтцийн хөгжлийн ирээдүй: МАК нь Нарийн Сухайтын уурхайг түшиглэн Нүүрс угаан баяжуулах үйлдвэр, нүүрс тээвэрлэх туузан дамжлагын систем, нүүрсний автоматжуулсан агуулах-овоолгын байгууламжийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Жилдээ 5 сая тонн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай Нүүрс угаан баяжуулах үйлдвэр нь бохирдол ихтэй давхаргын нүүрсийг угаан баяжуулснаар ордын нөөцийг иж бүрэн ашиглах, борлуулж буй бүтээгдэхүүний үнэ цэнэ, хэмжээг нэмэгдүүлэх, нүүрсийг түүхийгээр бус боловсруулж экспортлох ач холбогдолтой төсөл болох юм. Өнөөдрийн байдлаар нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөлд зориулан усны хайгуулын ажлыг гүйцэтгэж байна.
Хилийн Шивээхүрэн боомтоос 9 орчим км-ийн зайд, Монгол Улсын нутаг дэвсгэрт Нүүрсний агуулах, овоолгын байгууламж барихаар төлөвлөж байна. Уг байгууламж нь нүүрсийг чанараар нь ялган овоолго үүсгэсэн, мөн худалдан авагчдын хэрэгцээ шаардлагад тохирсон нүүрсний хольц (шихта) хийх, автомашин болон вагонд ачих зориулалт бүхий бүрэн автоматжуулсан тоног төхөөрөмжтэй байх юм.
Баяжуулах үйлдвэрээс Нүүрсний агуулах хүртэл 32 км-ийн зайд туузан дамжуулгын тээвэрлэлтийн суурин систем барих бөгөөд уг байгууламж ашиглалтад орсноор нүүрсний авто тээврийн зай 55 км-ээс 9 км хүртэл багасч, авто тээврийн үйл ажиллагаанаас үүсч болох байгаль орчны нөлөөлөл буурахын зэрэгцээ 1 тонн нүүрсний тээврийн зардал багасч, борлуулалтад эерэг нөлөө үзүүлэх болно.