.:: Монголын Алт Корпораци ::.

+976+75759700 info@mak.mn

Menu
“Нарийн сухайт”-ын уурхайн таван жилийн ой тохиолоо

Мэдээ 2012 оны December дугаар сарын 15-нд нийтлэв.


“Нарийн сухайт”-ын уурхай үүсгэн байгуулагдсаны таван жилийн ой 12 дугаар сарын 11-ний өдөр тохиолоо. 2007 оны энэ өдөр “Нарийн сухайт”-ын уурхайн анхны хөрс хуулалт хийгдэж, их бүтээн байгуулалтын үйл ажиллагаагаа эхэлж байсан билээ. Түүхэн ойн баярын өдрөөр “Монголын Алт” (МАК) компанийн Бодлогын Зөвлөлийн дарга, Ерөнхийлөгч, Монгол Улсын Гавьяат уурхайчин Б.Нямтайшир уурхайд зочлон, нийт уурхайчид, ажилчиддаа хандан баярын мэнд хүргэж, үг хэлсэн юм. Тэрбээр хэлэхдээ “ Нарийн сухайтын уурхайн хөрс хуулалтын ажил эхэлсний 5 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан Та бүхэнд “Монголын Алт” (МАК) компанийн Бодлогын Зөвлөл, нийт хамт олон болон хувиасаа чин сэтгэлийн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлье. Одоогоос таван жилийн өмнө Монгол орны өмнөд хил, Ноёдын сүрлэг уулсын бэлд, Хөхөлзөхийн говийн зэрэглээг чимж, Нарийн сухайтын уурхайн хөрс хуулалт, их бүтээн байгуулалтын ажил эхэлсэн билээ.
Нарийн сухайтын уурхайн бүтээлч хамт олон Та бүхэн үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа орчин үеийн шилдэг техник, технологи нэвтрүүлэх, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, хөдөлмөр зохион байгуулалтыг боловсронгуй болгох, техник, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллах нөхцлийг бүрдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангахад чармайн ажиллаж ирсэнд миний бие болон компанийн нийт хамт олон туйлын их баяртай байдаг.
Та бүхний хийж бүтээсэн энэхүү баялаг нь Хөх Цавын цемент, Цагаан суваргын зэс молибден, Налайхын хийт бетоны төслийн санхүүжилтийг шийдвэрлэх, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, иргэний нисэхийн салбарын үйл ажиллагааг хэвийн хангахад зарцуулагдан компанийн төдийгүй Монгол Улсын хөгжлийг түргэтгэхэд үнэтэй хувь нэмэр болсон.
Жилээс жилд амжилт ололтоо бататган эх орныхоо хөгжил цэцэглэлтэд өөрсдийн хувь нэмрээ оруулахыг Та бүхэндээ уриалахын хамт Уурхайчид та нартаа болон танай гэр бүлд эрүүл энх, хөдөлмөр бүтээлийн өндөр амжилтыг хүсэн ерөөе” гэсэн юм. Мөн компанийн цар хүрээ өргөжин тэлж, Монголдоо төдийгүй дэлхийн уул уурхайн компаниудын дунд өөрийн байр сууриа эзлэн, шилдэг тэргүүний техник, технологийг бүх түвшинд нэвтрүүлэхэд Та бүхний үүрэг оролцоо туйлын чухал гэдгийг тэрбээр онцолсон.
Түүнчлэн энэ үеэр “Нарийн сухайт”-ын уурхай үүсгэн байгуулагдсанаас хойш тасралтгүй, тогтвор суурьшил, үр бүтээлтэй ажиллаж байгаа тус уурхайн дарга Д.Баярсайхан, белазын оператор Б.Энхээ, Г.Батхүү, экскаваторын оператор Б.Зулбадрах, үйлчилгээний машины жолооч Ж.Наранбат, усны машины жолооч Д.Бүтээлч, бэлтгэгч угаагч Л.Дуламсүрэн нарыг мөнгөн шагналаар урамшууллаа. Дашрамд дурдахад, “Нарийн сухайт”-ын шинэ уурхай байгуулагдсанаар уурхайн тосгон, Засвар үйлчилгээний төв, үйлдвэрлэлийн бусад барилга байгууламжууд сүндэрлэн боссоноос гадна нийтдээ 60.5 сая м3 уулын цулыг хөдөлгөн, үүнээс 46.3 сая м3 хөрс хуулалт, 17.2 сая тонн нүүрс олборлон эскпортолж 1.1 их наяд төгрөгийн борлуулалтын орлогыг оруулсан байна.