Нарийнсухайтын уурхай
Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байрлах Нарийнсухайтын нүүрсний уурхай нь 2007 оноос хөрс хуулалт, 2008 оноос нүүрсний олборлолт, экспортоо эхлүүлсэн. Тус уурхай нь гидроциклонт технологи бүхий нэг сая тонны хүчин чадалтай хөвүүлэн баяжуулах үйлдвэртэй. Нарийнсухайтын уурхай нь ордын нөөцийг хаягдал бохирдолгүй, бүрэн ашиглаж зах зээлд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн нийлүүлэн экспортлох замаар эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэхэд бодит хувь нэмрээ оруулж байна.
Нарийнсухайтын уурхай нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд улс, орон нутгийн төсөвт нийт 1.3 их наяд төгрөгийн татвар хураамж төвлөрүүлсэн бөгөөд 1000 гаруй ажлын байр бий болгож, нийгмийн хариуцлага, байгаль орчин, соёлын өвийг хамгаалах чиглэлд нийт 37.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна.
Бүтээн байгуулалт
Нарийнсухайтын уурхай нь 1000 гаруй ажилтантай ба нийт ажилтнуудын 20 хувийг орон нутгаас бүрдүүлж байна. Уурхайн ажилтнуудын ажиллаж, амьдрах тав тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор орон нутгийн ажилчдын 8 айлын орон сууц, ажилчдын байр, зочид буудал, 180 хүний хүчин чадалтай зоогийн газар, хувцас угаалгын газар, анхан шатны тусламж үзүүлэх эмнэлэг, спорт заал, тоглоомын өрөө, хүнсний нарийн ногооны хүлэмж, машин угаалга зэрэг бүхий л үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн цогц шийдэл бүхий байгууламжуудыг ашиглалтад оруулсан.
Тухайн бүс нутагт сүүлийн үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн гаалийн хяналтын цогцолбор, хилийн шалган нэвтрүүлэх гарц-хаалгуудыг барьж ашиглалтад оруулснаар боомтын хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, хил, гааль, мэргэжлийн хяналт, иргэний бүртгэл харьяатын байгууллагын ажилтнуудын ажиллах орчин нөхцөл сайжирсан.