Аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх зорилготой ажиллаж буй “Монголын Алт” МАК (ХХК) “Монгол-Японы бизнес форум”-ын үеэр Япон улсын "Unico International" компанитай хамтран “Устөрөгчийн үйлдвэрлэл ба түүний дагалдах бүтээгдэхүүний боловсруулалт” хийх төслийн урьдчилсан техник эдийн засгийн үндэслэл боловсруулах гэрээ байгууллаа.
“Монголын Алт” (МАК) ХХК нь стратегийн ач холбогдол бүхий өндөр чанартай барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэхээс гадна, Монгол улсын төсвийн орлогыг бүрдүүлэгч гол түүхий эд болох нүүрсэд түшиглэн дэлхийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж буй устөрөгчийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, ногоон ирээдүйг бүтээх ач холбогдол бүхий ажлаа ийнхүү эхлүүлж байна.
Үүнээс гадна, дэлхийн тэргүүлэх технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлдэг жишгийнхээ дагуу МАК компани Японы "Мицүй Стийл" компанитай хамтран байгальд ээлтэй, эдэлгээ удаан “холхивчийн систем”-ийг Монгол улсад анхлан нэвтрүүлж, өөрийн үйлдвэр, уурхайдаа ашиглах төслийн санамж бичигт гарын үсэг зурсан юм.
Энэ жил 30 жилийн ойн нь тохиож буй “Монголын Алт” (МАК) ХХК нь дараагийн 30 жилийн бодлогын гол концепцоо ногоон ирээдүй, ногоон хөгжил рүү чиглүүлж байна. Энэ хүрээнд үйлдвэр, уурхайн хэрэгцээт эрчим хүчээ сэргээгдэх эрчим хүчээр хангах зорилт дэвшүүлэн нарны станцын бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлж эхэлээд байна.