top of page

Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

"Шинэ сэргэлтийн бодлого"-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Монгол Улсын Шивээхүрэн боомтыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Сэхэ боомттой 7.1 км төмөр замаар холбох бүтээн байгуулалт эхэллээ. Энэхүү бүтээн байгуулалтыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийг зургаан сарын хугацаанд хэрэгжүүлнэ.


Бүтээн байгуулалтыг нээж хэлсэн үгэндээ Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Шивээхүрэн-Сэхэ боомтыг төмөр замаар холбох нь Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Эдийн засгийн коридор”-ын хил дамнасан төмөр зам болох баруун босоо тэнхлэгийн Шивээхүрэн-Нарийнсухайт-Арцсуурь чиглэлийн төмөр замын эхлэл болж буйгаараа стратегийн онцгой ач холбогдолтой" гэж онцоллоо.

PM and other officials at the Shiveekhuren port

Мөн тэрбээр "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Монгол Улсын Шивээхүрэн боомтыг БНХАУ-ын Сэхэ боомттой төмөр замаар холбох бүтээн байгуулалтын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хамтдаа эхлүүлж байгаа нь эдийн засагт чухал хувь нэмэр оруулах болно гэж байр сууриа илэрхийлсэн юм. Засгийн газрын 2023 оны тавдугаар сарын 17-ны өдрийн 186-р тогтоолоор Шивээхүрэн-Сэхэ боомтын хил дамнасан нарийн царигийн төмөр замын суурь бүтэц барих болон суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Нарийнсухайтын төмөр зам” ХХК-д олгосон юм.

5G transport at the Shiveekhuren port

Мөн энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Нарийн Сухайтын бүлэг ордод үйл ажиллагаа явуулж буй 9 аж ахуйн нэгжийн хамтран хэрэгжүүлж буй Шивээхүрэн боомтын 5G болон жолоочгүй ухаалаг тээвэр буюу AGV-ээр нүүрс тээвэрлэх ажлын явцтай танилцлаа. Тус тээврээр 2022 оны арванхоёрдугаар сараас хойш тээвэрлэлт хийж байгаа бөгөөд жилд 6.5 сая тонн нүүрс тээвэрлэх боломжтой юм.


bottom of page